АЯЛАЛ ЗУГААЛГААР ЯВАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

МОТОР БОЛОН КРОПНЫ ТОС, ХӨРГӨЛТИЙН ШИНГЭНИЙ ХЭМЖЭЭГ ШАЛГУУЛАХ

Монгол орны нөхцөл шороо тоос ихтэй байдаг тул хөдөлгүүрийн тосыг 5000км-8000км тутамд шалгаж солих шаардлагатай байдаг. Харин хурдны хайрцгийн шингэн нь 20.000км-40.000км тутамд солигддог.

Хөдөлгүүрийн тосыг удаан солихгүй явснаас болж хөдөлгүүр ээрэх, хааз муу авах, хүчгүйдэх зэрэг цаашлаад хөдөлгүүрийн насжилтыг богиносгох, хөдөлгүүр зуурах болон цохих сөрөг үр дагавартай. Мөн хөдөлгүүрийн тосны хэвийн хэмжээг тогтмол шалгаж байх шаардлагатай. Учир нь хөдөлгүүр явах км тутамд тосны түвшин багасаж байдаг.

Приус автомашинд цахилгаан болон бензин хөдөлгүүрийн хөргөлтийн шингэний банк байдаг. Хөргөлтийн шингэний банк дээр MAXIMUM болон MINIMUM хэмжээ байдаг бөгөөд шингэн нь MAXIMUM зурааснаас бага байж болохгүй. Хөргөлтийн шингэн багассан тохиолдолд помп шатах болон цахилгаан мотор шатах, бензин мотор халах зэрэг сөрөг нөлөөтэй байдаг.

ТООРМОСНЫ СИСТЕМИЙГ ШАЛГУУЛАХ

Тоормосны системийн хэвийн үйл ажиллагаа тоормосны наклад болон шингэнийг мэргэжлийн авто сервисд хандан шалгуулах хэрэгтэй. Приус 30 автомашины хувьд 4 дугуйны накладыг шалгах боломжтой байдаг. Харин Приус 20 автомашины хувьд хойд дугуйндаа тэлдэг накладтай байдаг тул заавал задалж үзэх шаардлагатай байдаг. Накладыг солилгүй дуустал нь явсан тохиолдолд пиланз элэгдэх Приус 20 автомашины хойд наклад дууссан үед тэлэгч болон поршин гэмтэх цаашлаад тоормосны шингэн тэлэгчээрээ алдагдана. Тоормосны шингэн багассанаар хянах дээр алдааны гэрлүүд асаж сигнал өгч тоормосгүй болох цаашлаад тоормосны аппарат эвдрэх сөрөг үр дагавартай. Иймээс хөдөө орон нутагт зорчихоос өмнө тоормосны системийг заавал мэргэжлийн авто сервисд шалгуулж байгаарай.

ДУГУЙГ ТОХИРСОН УЛИРАЛД СОНГОХ

Автомашины аюулгүй байдал дугуйн дээр тогтдог. Дугуй дотроо өвөл болон зуны мөн 4 улирлын дугуй гэж байдаг. Зарим жолооч нар зуны улиралд хөдөө орон нутагт зорчихдоо өвлийн дугуйг тавьсан байдаг. Өвлийн дугуй нь зөөлөн хээтэй байдаг учраас халалт өндөр элэгдэл түргэн явагддаг. Мөн хад чулуу ихтэй замаар явахад дугуй хагарах эрсдэлтэй. Харин зуны дугуй нь мөн адил явалт, эргэлт дунд халдаг ч резиний чанар нь хатуу байдаг тул өвлийн дугуйнаас харьцангуй элэгдэл даах чадвартай халалтад тэсвэртэй байдаг. Дугуйгаа солиулахад анхаарах зүйлс нь обуд цохигдсон мөн дугуй хавагнасан, язарсан эсэхийг сайтар шалгах дугуйн амсрыг зориулалтын тосоор тослуулж хийн даралтыг үйлдвэрлэгчээс заасан тэмдэглэгээний дагуу хийлүүлж хэвшээрэй.

АВТОМАШИНЫ ГЭРЭЛТҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛ

Автомашины их гэрлийн тусгал мөн тоормос, дохио, подвор зэрэг гэрлийн бүрэн бүтэн байдлыг шалгах шаардлагатай. Их гэрлийн тусгал тохиргоо алдагдсанаар үзэгдэх орчин муудах, бусад тээврийн хэрэгслийг гялбуулах, борооны дусалд гэрэл ойж зам харагдахгүй болох гэх мэт сөрөг нөлөөтэй. Мөн гэрэлтүүлэх хэрэгсэл бүтэн байх нь шөнө үзэгдэх орчин хязгаарлагдмал үед бусад жолооч нар таны автомашиныг харахад хялбар болж аваар ослоос урьдчилан сэргийлэх болно.

ЗАЙЛШГҮЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛС

Таны автомашинд запаас дугуй, демократ, галын хор, ослын гурвалжин, эмийн сан, татлага, шил цонх хагалагч болон бүс зүсэгч гэх мэт зүйлс байх шаардлагатай. Эдгээр зүйлс нь таныг хүнд нөхцөлд орсон үед зайлшгүй хэрэг болохоос гадна Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд заагдсан байдаг.